Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хяналт шалгалт хийжээ. Шалгалтад Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй нэр бүхий 19 эмийн санд, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч хамрагдсан байна.
Шалгалтаар хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар нь амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчил, эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлийг илрүүлжээ.
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг түдгэлзүүлсэн байна.
Уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж эхэлжээ.