Визний залилан өсчээ

Гадаад улсыг зорих монголчуудын эрэлт хэрэгцээнд дөрөөлсөн залилангийн гэмт хэрэг 2000 оноос хойш өссөөр байна. 2018 онд залилангийн 5372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 4270, 2021 онд 6558, 2022 оны эхний 05 дугаар сарын байдлаар 5523 болон тасралтгүй өсөв.

Визний залилангийн гурван жишээ:

  1. Аяллын хуурамч зараар 625 сая төгрөг залилжээ

Жавхаа, Төвшөө нар Монгол Улсад бизнесийн зөвөлгөө өгөх зөвшөөрөлтэй компани байгуулж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Дако центрийн 5 давхарт төвхнөжээ. Тэд БНСУ-н Чэжү арлын 4 шөнө 5 өдрийн аяллын зар байрлуулж, нэг хүний визний зуучлалд 2-5 сая төгрөгийг нийт 217 иргэнээс авчээ. Нийтдээ 625.000.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна.

Ингэхдээ тэд иргэдэд БНСУ-ын аяллын компанитай байгуулсан гэх хуурамч гэрээ, аялал зохион байгуулсан тухай эвлүүлсэн бичлэг зураг үзүүлж, олон улсын тээвэр зуучлалын компанид тийз захиалах байдлаар итгэл төрүүлсэн байна. Мөн Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудал дээр иргэдийг ихээр цуглуулан, нислэг хойшлогдсон, Солонгос улсад хүлээн авах аялалын компани хугацааг хойшлууллаа гэх байдлаар иргэдийг төөрөгдүүлж байжээ.

  1. Мэдээлэл нягтлаагүй иргэд хохирогч болдог

Төрийн албанд ажиллаж байгаад гарсан иргэн У.Чуба нь өөрийн танил Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан, дипломат ногоон паспорт гаргана хэмээн 46 иргэнийг залилжээ. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд иргэдээс 725.453.337 төгрөгийг авсан байна.

 

Ногоон паспортыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,  Ерөнхий сайд, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан зэрэг төрийн албан тушаалтан олгодог гэдгийг мэдээгүй, мэдээллээ нягтлаагүй иргэд залилангийн хохирогч болжээ.

 

  1. Амарчлах арга буюу тэрбумын хохирол

 

Гадаадын улс оронд ажиллаж амьдрах, сурах виз мэдүүлэх үйл амар хялбар биш. Багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас иргэд бэлэнчлэхийг хүсдэг. Гэвч энэ амар хялбар арга зам нь залилангийн гэмт хэргийн хохирогч болгож болзошгүйг төдийлөн тооцоолдоггүй.

 

Эгч, дүүс Нараа, Сараа нар визний зөвлөгөө өгөх компани байгуулж, Америк, Шинэ Зеланд, Австрали, Англи, Канад зэрэг улсын визэд оруулж, найдвартай гаргаж өгнө гэсэн худал мэдээлэл тарааж, 2016 оны 03 дугаар сарын 05-наас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 149 иргэнээс 1.725.453.337 төгрөг залилжээ.

 

Тэгвэл визний залилангийн хохирогч болохгүйн тулд Та яах ёстой вэ?

 

-Визний материалаа өөрийн биеэр бүрдүүлж, тухайн улсын виз олгох журмын дагуу визний мэдүүлэг авдаг төлөөллийн байгууллагад хүлээлгэн өгөх

 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар зэрэг төрийн байгууллагаас лавлагаа мэдээлэл авах

 

-Цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих, байнга оршин суух виз гаргаж өгнө гэж урьдчилгаа, эрүүл мэндийн үзлэг, маягтын хураамж зэргээр мөнгө авах үйлдлийг нягталж шалгах

 

-Монгол болон гадаад улсын Элчин сайдын яамны тамга тэмдэг, Элчин сайд, өргөмжит консулыг гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний ажиллагсдын нэрийг ашигласан байж болзошгүйг анхаарах.

 

Хууль эрх зүйн зохицуулалт

 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1: хуурч, аль эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аль эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

17.3 дугаар зүйл 2.2 Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5-12 жил байдаг.