УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Ковидын дараах эрүүл мэндийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн бодлого судлаач, Анагаах ухааны доктор Д.Амаржаргалтай хамтран зохион байгууллаа.
Сургалтын эхэнд доктор Д.Амаржаргал “Урт КОВИД”-ыг хэрхэн тодорхойлох талаар мэдээлэл өглөө. “КОВИД-19”-ын халдвар авснаас гурван сарын дотор шинж тэмдэг илэрч, тэр нь хоёр сараас дээш хугацаагаар үргэлжлэх тохиолдлыг хэлдэг аж. Нийтлэг шинж тэмдгүүд нь ядрах, амьсгал давчдах, мэдрэл сэтгэцийн үйл ажиллагаа доголдох, мөн бусад өдөр тутмын үйл ажиллагаа урьдынх шигээ сэргэдэггүй байна. Шинж тэмдгүүд хүндрэлийн хувьд харилцан адилгүй, дахилттай байж болдог гэнэ.
Түүнчлэн “КОВИД-19”-ын дараах өвчлөлийн талаарх олон улсын судалгааны үр дүнгээс танилцуулсан.
Ковидын халдвараар өвчилсөн хүн түүний дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, амрах, витамин, цайр, цахиурын нэгдэл хэрэглэх нь зөв гэж байлаа. Мөн вирусын эсрэг эмчилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ, эсийг дарангуйлах эмчилгээ, олширсон эмгэг бактерийн эсрэг эмчилгээ зэрэгт хамрагдах нь илүү үр дүнтэй гэсэн мэдээллийг сургалтад хамрагдсан ажилтнуудад өглөө.
Сургалтын төгсгөлд Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа үр дүнтэй сургалт явуулж, үнэн бодит мэдээллээр ханган зөвлөгөө өгсөнд талархал дэвшүүлээд, амжилт хүсэв.
Сургалтад УИХ-ын Тамгын газар, УИХ дахь намын бүлгүүд, гишүүдийн ажлын албаны 100 гаруй ажилтан танхим болон цахим хосолсон хэлбэрээр хамрагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.