Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2022.10.09) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф болон албаны бусад хүмүүс угтан авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.