УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ч.Ундрам нар ажиллана.
Дараа нь “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг УИХ-ын гишүүн, тус Түр хорооны дарга Ж.Сүхбаатарын санал болон тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.
Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нь Монгол УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад Хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч байгаа аж. Энэ хүрээнд шинжээч томилон ажиллуулах, улмаар Хөгжлийн банкны асуудлаар бүхэлд нь хянан шалгахад хугацаа шаардлагатай тул Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хүсэлт гаргасан байна. Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгахаар тогтоолын төсөлд тусгажээ.
УИХ-ын тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.