-УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөг тушаах шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа гаргасан. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд 60 сая төгрөг намдаа тушаах энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?
-Би хуралд оролцоогүй. Ер нь бол улс төрийн намууд сонгуульд бэлдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй нь үнэн. Өмнө нь АН-ын хувьд томоохон компаниуд, хөрөнгө мөнгөтэй бизнесменүүдээс дэмжлэг авдаг байсан бол намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудал байхгүй болсон. Одоо АН зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн татвар болон намын бусад гишүүнийхээ татвараас санхүүгээ босгож байгаа. Сонгуульд ороход улс төрийн намуудад мэдээж санхүүжилт хэрэгтэй. Энэ нь 60 тэрбумын хэрэг шиг ямар нэгэн албан тушаал амлаж, түүнийх нь төлбөр болгож авч хэрхэвч болохгүй, төрийн эсрэг гэмт хэрэг болно.
Хэрвээ намаа сонгуульд ялуулъя, намынхаа үйл ажиллагаанд манлайлж оролцъё гэвэл тухайн нэр дэвшигч санхүүжилтээ босгох үүрэг өөрт нь ноогдоно. Тэр утгаараа УИХ-ын 2020 оны сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Энэ хугацаанд намынхаа бодлого, мөрийн хөтөлбөр, үнэт зүйлийг ярих өөрийгөө таниулж мэдүүлэх, ажлаа хийхэд нь санхүүжигдэх мөнгө. Түүнээс биш нам мөнгийг нь аваад мөнгө өгснийх нь төлөө “Албан тушаалд очоорой” гэж наймаацаж байгаа хэрэг огт биш.
АН УИХ-д долоохон суудалтай. Гишүүдэд Улс төрийн намын тухай хуулийн дагуу улсын төсвөөс хуваарилдаг мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. 65 гишүүнтэй төсвөөс их мөнгө авдаг намын хувьд өөр байж магадгүй. Мөнгөний хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тусч байгаа байх. Эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөг өндөр. Гэхдээ намын үйл ажиллагааг явуулах, улс төрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэмжээ мөн өндөр. Тэгэхийн тулд наад зах нь гишүүд 50-100 сая төгрөгийн мөнгө босгож байж намынхаа бүрэн санхүүжилтээ гаргах нь гэдэг тооцоон дээр яригдсан тоо гэж ойлгож байгаа. ҮБХ-ны гишүүд нэлээд маргалдаж олон талаас нь ярьсан. Нэгэнт олонх нь шийдвэр гаргачихсан учраас бусад нь энэ шийдвэрийг дагах байх гэж бодож байна.
-Дөнгөж сая Үндсэн хуулийн төслийн хүрээнд зөвшилцөх ажлын хэсэг хуралдлаа. Хуралдаанаар ямар шийдвэр гарав.
-Ажлын хэсэг сонгуулийн холимог тогтолцоог зарчмын хувьд дэмжиж байгаа. Холимог дотроо пропорциональ, мажоритар хосолно. Хуучин бол намын жагсаалтад орсон гишүүдийг зөвхөн намын чансаагаар буюу нам дугуйлж сонгож байсан энэ хэлбэрээр биш жагсаалтад орсон нэр дэвшигчийн нэрийг дугуйлж, сонгох замаар тухайн намын хэчнээн хүн санал авсан бэ гэдгийг тооцоолох энэ хэлбэрээр тохирч байгаа.
-Хэрэгжих оны хувьд нэгдсэн байр сууринд хүрсэн үү?
-Дахин ярилцахаар болсон. Улс орныхоо хөгжлийн бодлогыг эрхэмлэж, жалга жалга руу төсвийн мөнгөө зарцуулдгаа болъё гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхлэх 2020 оноос хэрэгжүүлье гэдэг байр суурийг АН-ын баримталж байгаа.
-Танай намаас тавьсан гурав дахь санал нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгох байгаа. Энэ саналыг МАН-ын бүлэг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус саналаа татаж авах уу?
-Бидний нэн түрүүнд тавьж байгаа санал нь сонгуулийн тогтолцооны асуудал учраас хэрэгжих хугацааг нь 2020 он гэж тохирвол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох саналаа тодорхой хугацаанд хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа.
-АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдах хэлэлцүүлэгт оролцох уу?
-Манай намын зөвлөл хуралдсаны дараа шийдвэрээ гаргана.
Эх сурвалж:News.mn