Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн прокуророос хэргийг нь цагаатгасан талаар өнөөдөр нийслэлийн прокурорын газрын үүдэнд 12 цагаас мэдээлэл хийх аж. Мэдээлэл хийснийхээ дараа шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгөх юм байна.
Сануулахад: С.Баярцогт 2013 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж байхдаа Швейцарийн банкинд нэг сая ам.доллараа хадгалуулахдаа өөрийгөө “Хятадын Монгол” хэмээн бичсэн нь тухайн үед шуугиан тарьж байсан. Түүний энэхүү нууц данс буюу оффшор дансыг Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо илрүүлж дэлхий дахинаа “Хятадын Монгол” хэмээх үгийг онцлон шуугиулж байсан цаг саяхан.
Тайлбарт нь тэрбээр товч бөгөөд үл ойлгогдох нэгэн мэдээллийг хийж УИХ-ын дэд даргын суудлаасаа бууснаар уг хэрэг тэгсхийгээд мартагдсан юм. Тэрбээр гадны сэтгүүлчийн асуултад “Би ийм данс нээх ёсгүй байсан юм. Өөрийнхөө нэр хүндэд санаа зовохгүй байна. Албан тушаалаасаа огцрох ёстой байх. Гэр бүлдээ л санаа зовж байна” зэрэг гэмшсэн хариулт өгч байсан.
Харин Монголын сэтгүүлчдэд “Найзуудтайгаа нийлж, хувьцааны бизнес хийхээр тэр мөнгийг хуримтлуулсан ч удахгүй эдийн засаг хямарч мөнгөө татсан. Тэнд гурван сая төгрөг л үлдсэн. Үүнийг мэдүүлгийнхээ орлогын талд бичсэн. Гэхдээ компанийнхаа нэрийг бичээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан юм.