Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээллийг ирүүлжээ. Үүний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн.
Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон иргэн нь Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иймд цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байна.
Газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байрлалтай. Зөвхөн Зил-131, Урал зэрэг том оврын автомашин л явах боломжтой, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй нөхцөл бий болсон тул зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар