Монгол Улсын Их Хурлын 2019 оны 4-р сарын 25-ны өдрийн тогтоолоор ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Тус хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Түр хорооны дарга Ж.Батзандан хэлэхдээ “Түр хороо байгуулагдсан цагаасаа хойш сард хоёроос доошгүй удаа, заримдаа гурван удаа хуралдаж, ОУПХ-ны шинжээчдийг Монгол Улсад хоёр удаа авчирж, энэ хэрэг дээр албан ёсоор дүгнэлтээ гаргалаа. Түр хорооны дүгнэлт болон ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шийдвэр 100 хувь санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хураас байгуулагдсан Түр хороо болон ОУПХ-ны Хүний эрхийн хороотой хамтран ажиллалаа.
Нэгдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн байна гэдгийг ОУПХ-ны шинжээчид албан ёсоор тогтоосон. Эрүүдэн шүүснийг тогтоохын тулд ОУПХ-ны шинжээчид болон Түр хорооны гишүүд нийт 23 албан тушаалтантай уулзсан. Мөн хоригдож буй Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүлийнхэн, өмгөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзалт хийж, холбогдох нотлох баримтууд дээр тулгуурлан, энэ хэрэг нь хурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсээр дүгнэж, ял өгсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа.
Тухайлбал, С.Зоригийн хэргийн жинхэнэ гүйцэтгэгч болон захиалагчийг илрүүлэхэд хугацаа алдахыг ОУПХ зөвшөөрөхгүй гэдгээ дүгнэлтдээ бичсэн байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн яллах тогтоол олон нийтэд хаалттай байгаа бөгөөд үнэнийг хайж байгаа хэсэгт С.Зоригийн хэргийн талаар чөлөөтэй ярих боломжийг хааж байгааг ОУПХ буруутгаж байгаагаа мөн ил тод бус байдал үргэлжилж, шударга ёс тогтоох нөхцөлийг сулруулж байгааг ОУПХ цохон тэмдэглэсэн байна. Иймд ОУПХ-ны хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан, эрүүдэн шүүсэн хэргийн явц, үр дүнгээс үл хамаарч, тодруулж хэлбэл, шүүхийн бусад шийдвэр, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд оноох ял шийтгэлээс үл хамаарч Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан шийдвэрээ ОУПХ бидэнд ирүүлсэн юм.
Мөн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг нэн даруй суллаж, тамлуулан зовоосныхоо төлөө нөхөн олговор олгох ёстой гэдэг шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна. С.Зоригийн хэргийг улс төрийн намууд оон жил улс төрийн ашиг хонжоо харж ашиглаж ирснийг буруутгаж, өнөөдөр албан ёсоор Түр хороог байгуулсныг сайшааж буйгаа илэрхийлсэн байна. С.Зоригийн хэргийг илрүүлсэн болж, хилс хэрэг тохсон энэ явдлыг илчлэхийн төлөө ажиллаж байгаа Түр хорооны гишүүдийг дарамтлан сүрдүүлж байгаад ОУПХ санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.” хэмээн мэдэгдлээ.
Үүний дараа Түр хорооны гишүүн Л.Болд хэлэхдээ “ Белградад болсон ОУПХ-ны Ерөнхий чуулганаас гарсан зөвлөмж нэхэл хатуу байдаг. Тус байгууллагаас гарсан зөвлөмжийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байдал манай хууль хяналтын байгууллагуудад ужгирсан. ОУПХ-ноос гаргасан хамгийн гол шийдвэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шударга, хараат бус шүүхээр шүүгээгүй учраас ямар нэгэн нөхцөл, болзолгүйгээр суллах ёстой гэсэн шийдвэр. Амгаланбаатар нь өөр хэргээр сууж байгаа учраас тэр хэргийнхээ ялыг эдлэх ёстой, гэхдээ энэ яригдаж байгаа хэргийнх нь ял ч бас өөрчлөгдөх ёстой гэсэн шаардлагыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг ярьж байгаа энэ цаг үед зайлшгүй хэрэгжүүлэх зүйл бол энэ хоёр хүнийг яаралтай суллах явдал юм. Гэмгүй хүмүүсийг шийтгэчихээд зүтгээд байгаагийн цаана жинхэнэ захиалагч, гүйцэтгэгчид нь цаг хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаархал агуулж байна. Тиймээс энэ хэргийг үйлдсэн, захиалсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх ажилдаа орох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд Монголын төрд байгаа хамгийн том хорт хавдар гэж хэлж болох энэ асуудлыг шийдэхийн төлөө Түр хороо шийдвэр гаргаад байна.” Гэв.
Түр хорооны гишүүн Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар эрүүдэн шүүсний дараа холбогдох эрх бүхий албан тушаалтан уг хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгах ёстой гэсэн байр сууриа манай хууль хяналтын байгууллагууд удаа дараа илэрхийлж байгаа. ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан хамгийн гол зөвлөмж нь нэн даруй суллах явдал юм. Эрүүдэн шүүсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон нөхцөл байдал үүсээд байгаа учраас тэр. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон бусад олон улсын энэ төрлийн гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэж орсон тул цаашид үндэснийхээ хууль тогтоомжийг, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгэх журмаа эргэж харах цаг нь болжээ гэдэг нь харагдаж байна. Бид энэ шийдвэрээ холбогдох байгууллагуудад хүргэнэ.” гэв.
Түр хорооны гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж “Шүүх дээр энэ хэргийг аль болох сунжруулах тоглолт, хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтад буцаасан, яг сүүлчийн өдөр нь тэр шийдвэрээ прокурорт өгсөн. Прокурор эсэргүүцэл бичингүүт шүүх хянаж болох сүүлчийн өдөр давахаар орсон. Давах шийдвэр гараад дахиад30 хоногийн дараа шүүхийн давахын магадлалыг гардуулсан, одоо дахиад30 хоногийн хугацаа хожих ийм хуйвалдаан шүүх дээр явагдаж байгаа. Үүнийг нуух юм байхгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан. Өөр нууцаас гаргадаг газар байхгүй, одоо мөрдөж байгаа хуулиар. Гэтэл зарим хүн нууцаас одоо гарга гэсэн шаардлага хүргүүлээд дахиад хугацаа хожих юм хийж байна. Гуравдугаарт, хамгийн гол нь энэ асуудлыг будлиулсан бүх шүүгч албан тушаалдаа хэвээр байгаа. Ялангуяа Дээд шүүхийн түвшинд. Ерөнхий шүүгч нь солигдсон боловч хуучин Ерөнхий шүүгч нь одоо хүртэл ажлаа хийж байгаа, энэ хэргийг Дээд шүүхээр илтгэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нь орсон бүх шүүгч ажлаа хийсээр байгаа. Энэ хүмүүс арьсаа хамгаалж байгаа учраас одоо энэ эрүүдэн шүүсэн, яргалсан хүмүүст боломж олгох хуйвалдаан явагдаж байгаа гэдгийг би өнөөдөр баталгаатай хэлж чадна.
Эрүүдэн шүүсэн нь ойлгомжтой, та нар бичлэгийг нь үзсэн. Үүнийг эвлүүлэг байсан гэж ярьдаг хүн гарч ирж байгаа. Ямар ч эвлүүлэг тэнд байхгүй, тагнуулын байгууллага өөрийнхөө хийсэн ажлыг өөрсдөө сэргээж, олон нийтэд зарим хэсгийг нь үзүүлсэн. Эвлүүлэг хийх техникийн бололцоо байхгүй. Үүнийг бас хэлэх ёстой. Засгийн газрын тогтоолоор нууцаас гаргасан байхад, анхан шатны болон давахын шийдвэр, дээд шүүхийн хяналтын шатны шийдвэр тэр чигтээ нууцаас гаргасан байхад тагнуулын байгууллага тэр хэргийг прокурорын архивт шилжүүлэхдээ давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн тогтоол, магадлал хоёрт байсан зүйлийг дахиж нууцлах ажил хийсэн. Ингэж энэ асуудлыг будлиулсаар байгаа. Хуультай улсад бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэг ч өдөр, нэг ч цаг алдалгүй суллах ёстой юм.” гэв.