2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 29-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Дээрх цаг агаарын үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учруулж болзошгүй тул холбогдох байгууллагууд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсье гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.