Иргэн С нь Монгол Улсад төсөл хэрэгжүүлж буй гадаадын “П” байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс түүнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цаашид сунгагдахгүй болсон талаар цахим /имэйл/-аар мэдэгджээ.
Ажилтан С нь хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдлээ ажил олгогч нь бичгээр гаргаж, танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч “П” байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас халсан гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосноор цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийн талаар и-мэйлээр мэдэгдсэн, … и-мэйл хүлээж авснаас хойш шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж маргажээ.
Хуульд, ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд “П” байгууллагын С-д хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон талаар цахим /и-мэйл/-аар мэдэгдсэн байдал нь уг хуульд нийцээгүй байна.
Иймээс, шүүх ажил олгогч “П” байгууллагыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрээ бичгээр гаргаж, ажилтан С-д танилцуулан, шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн, ажил олгогч нь шийдвэрээ С-д гардуулаагүй тул гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэн, С-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36 сая төгрөгийг гаргуулан С-д олгож шийдвэрлэжээ.