ӨМНӨГОВЬ АЙМАГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

1932 онд анх Монгол гэрт ажлаа эхлүүлж байсан аймгийн Прокурорын байгууллага нь эдүгээ 90 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж байна. Түүхт ойн баярын хуралд аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн Прокурорын газрын ахмад ажилтнууд, албан хаагчид, зочид төлөөлөгчид оролцлоо.
​Орон нутгийн зүгээс Прокурорын газрын үндсэн чиг үүргээ гүйцэтгэхэд үргэлж дэмжиж ирсэн төдийгүй аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд оффисын барилгыг засварлах, тоног төхөөрөмж, автомашинаар хангах, албан хаагчдыг орон сууцаар хангах зэргээр хөрөнгө оруулалт хийх, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бүхий л талаар дэмжин ажиллахаа аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Баярын хурлын үеэр Төрийн дээд шагнал болон ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн медаль аймгийн Засаг даргын жуух бичиг зэргээр ажил хөдөлмөрөөрөө манлайлсан шилдэг ажилтнууд шагнагдлаа.