Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлж, хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгнө

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ. Тэд тогтоолын төслийг өнөөдөр /2023.01.04/ УИХ-ын даргад өргөн мэдүүлж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг 2012 онд иргэн бүрт эзэмшүүлж, иргэдэд тодорхой хувь хүртээсэн. Энэ үед эдийн засаг том эргэлтэд орж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Эрдэнэс Тавантолгойн ашгийг ард иргэдэд тэгш хуваарилснаар эдийн засаг жинхэнэ утгаараа эргэсний том нотолгоо. Гэтэл өнөөдөр Эрдэнэс Тавантолгойг асар олон хүн баяжих хэрэгсэл болгож, ард иргэдэд огт хүртээлгүй байна. Эдийн засаг хүндэрсэн энэ үед шинэ зоримог алхам хийхгүй бол нүүрсний хулгай ч шийдэгдэхгүй, иргэд ч газрын баялгийг тэгш эзэмших боломжгүй болно. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгосноор нэг хүн 2522 хувьцаа эзэмших эрхтэй болно. Мөн 2022 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн бүх хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэнэ. Мөн ТУЗ, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулж, хулгайг таслан зогсоох ач холбогдолтой болно.

Нэг хүн 2522 хувьцаа эзэмшсэнээр жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой болно. Таван ам бүлтэй айл жилд 10 сая төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК-иас ногдол ашиг болгон авна.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгойн орд бол дэлхийд байхгүй том орд. Батлагдсан нөөц нь 7.2 тэрбум ам.доллар. Эргэн тойрныг нь гадаадынханд алдсан, уг нь 10 тэрбум ам.долларын нөөцтэй орд. Үеийн үеийн мэргэжлийн бус удирдлагатай байсан учраас технологи нь алдагдаж, 10 жилийн дараа ашиглахад маш хүнд байдалд орсон байна. Тиймээс бид мэргэжлийн удирдлага тавьж, технологийн дагуу ажиллуулах шаардлага тавьж байна.

 

Эрдэнэс Тавантолгойн дараа Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдлийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх төслийг бид санаачилна. Төрийн өмчит, хулгай нүүрлэсэн компаниудыг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулан, ард ашиг хүртэх ёстой. Монголын нийт хүн амын 42.5 хувь нь ядуурсан байна. Монгол Улс баялгаараа дэлхийн улсуудын эхний 10-т ордог. Гэтэл өнөөдөр ийм ядуу байна. Монгол Улс хөгжихийн тулд баялгийн менежментээ зөв хийх ёстой.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Төрийн өмчит компаниудыг ард түмний эзэмшил, хяналтад оруулъя. Ард түмний мэдэлд 40 хувь нь очвол шийдвэр ард түмний төлөөлөлгүйгээр гарах боломжгүй болно. Нэг улстөрч, сайдын, ТУЗ-ийн 9 гишүүний саналаар шийдэгддэггүй болно. Цаашид бид газрын доорх баялгийг ард түмэнд хүртээх чиглэлээр онцгой анхаарч ажиллана.