Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод “УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс” зэрэг асуудлаар шаардлага хүргүүллээ.
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа: УБТЗ-д үүсээд буй асуудлыг дотооддоо шийдэх боломжгүй. Тиймээс бид өнөөдөр зургаан зүйл анги болсон шаардлагыг салбарын сайдад хүргүүлж байна. Тухайлбал эхний шаардлага компанийн засаглалын тухайд УБТЗ ХНН-д Монгол, Оросын талаас тус бүр гурван төлөөлөл байдаг. Монголын талын төлөөлөлд УБТЗ-ын ажилчдын хараат бус төлөөлөл байх ёстой. Тийм учраас томилгоогоо эргэж харах ёстой.
Хоёрдугаарт, УБТЗ-д үүсээд буй авлигын асуудалд дээд шатны албан тушаалтнуудыг шалгах ёстой. Вагон зардаг гэдэг асуудлыг Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэдэн жилийн өмнөөс ярьж байсан. Гурван жилийн өмнө бид АТГ-т хандсан боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй.
Мөн УБТЗ-ын ажилчдын цалин хөлсний хэмжээг нэмэх, ажлын байрны дарамтыг арилгах, ажилтан хүн айдасгүй, дарамтгүй хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэх, удирдлагын бүтэц данхайж буй асуудлыг шийдэх зэрэг шаардлагыг хүргүүлж байна. Шаардлагын хариуг энэ сарын 27-ны дотор өгөөгүй тохиолдолд УБТЗ ХНН-ийн ажилчдын хүрээнд Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялт зохион байгуулна.