ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,
-Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг хэд бүртгэгдсэн бэ?
-Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2022 онд залилах гэмт хэрэг 11800 бүртгэгдсэний 2000 орчим нь орон нутагт, 9800 орчим нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.
-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой судалгаа, шинжилгээнд үндэслэн нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Тухайлбал: 2020, 2021 онуудад “Ятгах тусам нягтал” арга хэмжээг зохион явуулж байсан бол, залилах гэмт хэрэг цахим хэлбэрээр үйлдэгдэх нь нэмэгдсэн учир 2022 онд “Unsend” буюу “Бүү шилжүүл” арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэ онд залилах гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах, илрүүлэлтийг өсгөх зорилгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Залилах гэмт хэрэг дотор ямар төрлийн залилан түлхүү үйлдэгдэж байна. Шалтгаан нь юу байна вэ?
-Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг ангилж үзвэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, барьцаалах, иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө, иргэдийн и-мэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироох хэргүүд түлхүү үйлдэгдэж байна.
Мөн хохирсон иргэд тэр дороо залилуулчихлаа гэдгээ мэддэггүй. Холбогдогч этгээд хохирогчийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үйл явцыг удаашруулж итгэл, үнэмшил төрүүлсээр байдаг зэргээс шалтгаалж хэргийн илрүүлэлт удааширдаг. Тиймээс иргэд залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим залилан дагаад өсөж байна. Иргэд цахим залиланд өртөж байгаагаа хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Цахим орчин дахь залилан 2021 оноос эхлэн Монгол гэлтгүй дэлхий нийтэд нэлээдгүй үйлдэгдэж байна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна.
Иргэд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бараа, бүтээгдэхүүн зэргийг худалдан авахдаа заавал очиж үздэг байсан бол цахим орчин бий болсноор энэ бүгдийг гар утаснаасаа богино хугацаанд хайх, үзэх, захиалах боломжтой болсон төдийгүй төлбөрийг интернэт ашиглан хялбар шилжүүлж байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа сайн талтай ч гэмт хэрэг үйлдэж буй этгээдэд ашигтай байдал үүсгэдэг.
-Залилах гэмт хэрэгт хохирсон иргэд тухайн этгээдийн овог нэр, дансны дугаар байхад цагдаагийн байгууллагаас олж тогтоож чадахгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?
-Хуульд бол залилагч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх, дансыг царцаах гэх мэт зохицуулалт байдаг боловч дийлэнх этгээд нь залилж авсан хөрөнгийг захиран зарцуулчихсан байх, тухайн этгээдийн нэр дээр эд хөрөнгө, дансанд нь мөнгө байдаггүй нь хамгийн их тохиолддог бэрхшээл юм.
-Иргэд залилах гэмт хэргээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юу. Иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү?
-Залилах гэмт хэргийн онцлог нь тухайн гэмт этгээд үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг.
Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар “Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна”’ гэх мэтээр даамжруулаад яваад байдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устаж байдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.