Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх” үүргийг хүлээлгэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д заасан “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгыг хангах үүднээс О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.