Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.02.08/ болно. Хуралдаанаар 50 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өөрийн хүсэлтээр Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл, Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх зохицуулалттай. Тиймээс түүнийг чөлөөлж, түүний сайдын ажлын тодорхой хугацаанд өөр сайд хавсран гүйцэтгэх юм. Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайн асуудалтай өөрийгөө холбоогүй гэж байгаа ч хуулийн байгууллагаас түүнийг яллагдагчаар татсан, ойрын хамаарал бүхий этгээдүүдийг нь шалгаж байгаа юм.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авлигатай тэмцэх жил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, – Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам, – Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам, – Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг Монголын хөрөнгийн бирж ХК-иар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – Арьс, ширний талаар авах нэг удаагийн арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 50 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.