Замын-Үүд боомтод өнгөрсөн өдрүүдэд ямар нэг онцлох шалтгаангүйгээр ачаа тээврийн машинууд Монгол Улс руу орж ирж чадахгүй, ТЭГ зогсолт хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар жолооч нарт Зам-Үүд боомтын дарга солигдож байгаа, шалгалт ирсэн гэхээс өөр тайлбар хэлээгүй аж. Ямартай ч Эрээний хилээр ганцхан хоногийн дотор гарсан ачаа тээврийн машин Монголын хил дээр 10 гаруй хонож байгаа бөгөөд каргогоор ирсэн ачаагаа гараар зөөхөөр иргэд тус боомт дээр очоод байгаа аж.
Х.Булгантуяа сайд та сайдынхаа ажлыг авахдаа “Эдийн засгийн төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд боомтын хөгжил чухал үүрэгтэй. Бид 2016 оноос хойш зургаан боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явж байна. Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүдийн боомт нээгдэх гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэнэ гэж найдаж байна’ хэмээн мэдэгдсэн.
Сар шинийн баярын өдрүүдэд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирч байж, үнэ буурч, иргэд үнийн дарамтад харьцангүй бага өртөнө. Гэтэл бүх л бүтэн 10 хоног ТЭГ зогсолтод оруулчихсан байгаа асуудалд бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Монгол Улс боомт хариуцсан яамтай, сайдтай. Гэтэл экспорт импортын гол цэг Замын-Үүд боомт дээр бараг тэг зогсолт болж таны ам ажил зөрөөд байна.