Парламентад суудалтай намууд зөвлөлдөх уулзалтын талаар өнөөдөр /2023.02.13/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд 80 дугаар тогтоол гаргаж, Зөвлөлдөх санал асуулга явуулахаар баталсан. Мөн УИХ-аас зөвлөлдөх зөвлөлд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвлөлдөх зөвлөл нэгдүгээр үе шатын санал асуулгыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин маргааш, нөгөөдөр 1570 хүнээс сонгогдсон 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь шатны зөвлөлдөх зөвлөлийн уулзалт болно. Үндэсний статистикийн хороо, УИХ-ын тамгын газар, УИХ-аас томилсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна. Тусгаар тогтнолтой холбоотой томоохон асуудлуудыг Үндсэн хуулиас хасах тухай мэдээллүүд гарсан.
Өчигдөр энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ийм асуудал байхгүй гэдгийг мэдэгдсэн. Бид мөн үүнийг мэдэгдэж байна. Зөвлөлдөх зөвлөлийн хэлэлцүүлгээр Үндсэн хууль тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт байхгүй. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд тулгамдаад байгаа дөрвөн том асуудлыг хэлэлцүүлнэ.
Ялангуяа оны өмнө жагсаалтай холбоотойгоор хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхтэй холбоотой олон саналууд гарсан. Мөн парламентын ардчилалтай холбоотой асуултууд бий.
Тогтолцооны хувьд боловсронгуй болгох, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудлууд багтсан. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсох хэлэлцүүлэг. УИХ зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд харин ч дэмжиж ажиллаж байгааг онцлох хэрэгтэй.