Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг суллаж, харин Монгол Улсын хилээр гарахыг нь хориглоод байсан. Тэгвэл өнөөдөр О.Мөнхжинг цагдан хорих шийдвэрийг шүүхээс дахин гаргасан юм.
Тэгвэл энэ асуудлаар Өмгөөллийн “Хэруга Партнерс” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч А.Базар өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Мөнхжин буруу, хууль бус зүйл хийсэн байж болно. Тэр нь гэмт хэрэг байхыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ тэглээ гээд энэ нь цагдан хориод байгааг зөвтгөх үндэслэл биш юм. Цагдан хорио бол гэм буруутай гэж үзэж авдаг арга хэмжээ буюу эрүүгийн хариуцлага, ял биш.
Харин товчдоо бол гэмт хэргийг шалгаж тогтооход саад учруулах нөхцөлд, цагдан хорьж байж л мөрдөн байцаалтыг хэвийн үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий болсон нөхцөлд л авах ЭЦСИЙН арга хэмжээ юм. Наана нь хувийн баталгаа гаргуулах, хилийн хорио тогтоох, тодорхой хүнтэй харилцаанд нь хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ бий.
Манайд харин нэг сул тал байгаа нь цагдан хориог хавтгайруулж, нийтлэг байдлаар хэрэглэж ирлээ.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад гэж санаж байна “цагдан хориог нийтлэг авах арга хэмжээ болгож хэрэглэхгүй ээ” гэж заасан байдаг юм.
Бид нийтлэг байдлаар хэрэглэж байгаа нь хүний эрхийн зөрчил юм’ гэжээ.