Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08.30 цаг хүртэл хойшилжээ.
Тус шүүх хуралдаанд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтсон юм.
Өнөөдрийн хуралдаанаар 32 хүнийг Монгол Улсын хилийн хориг тавьж, таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авчээ.
Тодруулбал, дараагийн уг шүүх хуралдаан хүртэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авсан байна
Мөн үлдсэн бусад 40 шүүгдэгчид урьд хориг тавьсан билээ. Түүнчлэн 6 шүүгдэгчид мөн хилийн хориг тавьж, тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, 1 шүүгдэгчид албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, хилийн хориг тавьсан бол 1 шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шийдвэрийг тус тус хэвээр үлдээжээ.