Хууль зүйн сайд Х.Нямбаатар дөнгөж сая хэвлэлийнхэнд мөрдөн шалгах ажиллагааны үед гадаад улсруу оргон зайлсан этгээдүүдийг Шувуу ажиллагааны хүрээнд эргүүлэн авчрах талаар мэдээлэл өглөө. Х.Нямбаатар сайдын хэлж байгаагаар мөрдөн шалгах ажиллагааны үеэр оргон зайлсан 90 хүн байгаа аж.
Үүнээс албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан долоон хүн байгаа. Эдгээр долоон хүн дээр хоёр хүн нэмэгдэх аж. Энэ нь иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар нь гэнэ. Тэднийг хэрэг бүртгэлийн шатандаа гадагш гарсан гэв. Гэвч энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт өнөөдөр хүргүүлж, дээрх 90 хүнтэй хамт эрэн сурвалжилж авч ирэх аж.
Дээрх хоёр иргэн нэмэгдсэнээр нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаар эргүүлэн авчрах тодорхой ажлуудыг эрхзүйн хамтын ажиллагаатай 23 улстай хамтран хэрэгжүүлнэ. Мөн гадаад паспортыг нь түдгэлзүүлнэ гэв.