Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж,эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдааныг энэ сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулаад буй юм. Товлосон хугацааны дагуу өнөөдөр шүүх хурал болно.
Ташрамд мэдээлэхэд Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж үзсэн.
Мөн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.