Энэ оны хоёр дахь томилолт “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ынхантайгаа Монгол Улсын баатар “Эрдэнэт” уулын баяжуулах зэс молибдений үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай танилцах байв.
Тус үйлдвэрийн талаар мэдэхгүй хүн үгүй биз. Үр өгөөжийг нь тоочвол ч дуусахгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол банкинд 315 сая доллар төвлөрүүлж, 1 тэрбум 69 сая ам долларыг арилжсан, айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Мөн жил бүрийн улсын төсвийн нэлээдгүй хувийг тус үйлдвэр бүрдүүлдэг гээд үр өгөөжийг нь тоочоод байвал дуусахгүй.
Г.Ёндон: Зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болж чадвал эдийн засгийн үр өгөөж хэд дахин нэмэгдэнэ
Бид геологийн хайгуул хийж нөөцөө нэмэгдүүлсэн ч хэзээ нэг өдөр нөөц шавхагдаж, дуусна. Тэр үед Эрдэнэтчүүдийн амьдрал яах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тиймээс бид одооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ухдаг баялгаас урсдаг баялаг бүтээх зорилго тавин ажиллаж байна хэмээн үйлдвэрийн удирдлагууд онцлов.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт өгчээ. Амлалтынхаа хүрээнд өнгөрсөн жил генетик нөөцийн төв, хөрсний биотехологийн төв, мод үржүүлгийн цогцолбор, ногоон хөгжлийн төв байгуулахаар бүтээн байгуулалт нь урагшилж, зарим нь үйл ажиллагаагаа эхлүүлжээ Тус төвөө ашиглаад Хангайн бүсийн шилмүүст ойг хамгийн ихээр тариалах, брэнд болгох, чанаржуулахад түлхүү анхаарч эхэлсэн байна. Тиймээс монголчууд модоо тарьснаар “Тэрбум мод” хөдөлгөөн цаашдаа шавхагдашгүй баялаг болж, бизнес буюу мөнгө болно гэдгийг Г.Ёндон дарга онцоллоо.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед өртөг зардлаа бууруулж, ашиг орлогоо өсгөхийн зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр зорьж байна. Олон жил хэл ам дагуулсан зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г ирэх зургадугаар сард батлуулахаар төлөвлөсөн. Гэвч зарим улс манай улсыг үйлдвэрлэгч болгох сонирхолгүй, дээр нь зэс үйлдвэрлэх үйлдвэр нь хүхрийн хүчил гэх хорт бодис ялгаруулдаг нь тус үйлдвэрийг байгуулахад саад учруулсаар ирсэн. Одоо ч бас эсэргүүцэлтэй тулгарах болов уу. Оюутолгой ч бас зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барих санамж бичиг байгуулчихлаа.
Бид хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор саармагжуулах туршилтыг Хятадын MFE төрийн өмчийн судалгааны хүрээлэн хийж байгаа. Одоогоор лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт амжилттай болсон. Тиймээс эцсийн туршилтыг Шинжаанд хийж байгаа бөгөөд амжилттай болвол Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г нь батлуулна. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болж чадвал эдийн засгийн үр өгөөж хэд дахин нэмэгдэнэ гэв.
А.Ариунзул: Эко системийг мод л зөөлрүүлж, доройтлолыг бууруулж зогсоодог
Бид цааш нь Ойн генетик нөөцийн төвийн захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” нэгжийн дарга, доктор Я.Ариунзулаас дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Манай төв үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болж байна. Өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр” 34.6 га талбайд 6 зүйл буюу хайлаас, шар хуайс, монос, гүйлс, интоор, улиас суулгаж 2.1 сая мод тарьсан. Ойн генетик нөөцийн төв байгуулагдсан нь өөрөө “Тэрбум мод” хөдөлгөөнд хамгийн том хувь нэмэр оруулна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн анх хэрэгжиж эхлэхэд улсын хэмжээнд 230 кг үрийн нөөц байсан. Одоо бол зөвхөн манай дээр гэхэд нэг тонн үрийн нөөц байна. Үргүй бол бид юугаа тарих билээ. Ямар ч байсан үрийн нөөц бүрдүүлж болох юм байна гэдгийг харууллаа. Үрийн төвтэй болсноор нэг ашигтай юм нь, тухайн үрийг шинжилж судлаад сертификат олгоход 70 хувь нь амьдралтай үр байлаа гэхэд үлдэх 30 хувь нь хоосон байдаг. Тиймээс цаашдаа дандаа бүрэн дүүргэлттэй, бүтэн болсон, ургах нөхцөлийг сайн бүрдүүлсэн үрийг тарина гэсэн үг. Нэг ёсондоо иргэд өмнөх шигээ хоосон үр тариад байдаг нөхцөл байдал үгүй болж, эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай болно.
Ургамал чинь өөрөө байгаль эх болохоор унтаад, сэрээд, босоод навч нь цухуйж “хөлд ороод” мод болдог. Эхний 3 жил асар их арчилгаа шаарддаг. Эко системийг мод л зөөлрүүлж, доройтлолыг бууруулж зогсоодог. Түүнээс биш хичнээн цэцэг тариад, өвс ургуулаад зөөлрүүлэхгүй. Тиймээс бид зөвхөн мод л тарих хэрэгтэй.
Үрийн стандарт тогтооход нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачид оролцог. Үүнийг ШУА Ургамал, газар тариалангийн хүрээлэн, МУИС гээд үрийн чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүх эрдэмтэн сууж байгаад хэлэлцдэг, ангилдаг, нэрлэдэг. Манайх өнгөрсөн хугацаанд арав арван хүнтэй үрийн чиглэлийн багийг төв дээрээ 3 удаа хүлээн авсан’ гэв.