Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн 22-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл түүний орны хүнийг ирэх баасан гаригт буюу 29-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хаалттай хуралдаанаар хэлэлцэж томилох аж. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг. Томилгоог мөн л хаалттай хэлэлцэх бөгөөд цэцийн хэвлэлээр дамжуулж мэдээлэл хүргэх юм байна.
Цэцийн даргад нэр дуулдаж буй хүн бол Г.Баясгалан. Түүний хувьд өнгөрсөн 2019 оны зургадугаар сард УИХ-аас санал болгож, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон юм. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан билээ.