УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Х.Болорчулуун сайд махны бизнес эрхлэгчдээ квотын дарамтнаас гаргалаа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун махны экспортод тавьсан зарим квотыг цуцалсан нь бизнес эрхлэгчидэд сайнаар нөлөөлж байна гэв.

Тэрбээр “2016 онд 75 сая толгой малтай байхдаа 82 мянган тонн мах экспортлодог байсан. Махны экспортод квот тогтоосноор гадагш гаргах махны хэмжээ буурсан. Өнгөрсөн жил буюу 2022 онд 91 толгой малтай хэрнээ 16 мянган тонн мах экспортлосон байна.

Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд  болж махны экспортын зарим квотыг цуцалснаар энэ жилийн эхний гурван сард махны экспорт  32 мянган тонн болж нэмэгдсэн байна. Энэ квот махны экспорт эрхэлдэг бизнес эрхлэгчидэд ямар их дарамт болж байсныг сая миний хэлсэн тоо баримтаас харж болохоор байна. Ч.Болорчулуун сайд энэ ажлаа цааш үргэлжүүлээд үхрийн махны квотоо ч цуцлаад яваасай гэж хүсч байна” гэв.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ажлаа аваад хамгийн түрүүн хийсэн ажил нь хонины махны квотыг цуцалсан явдал байв. Харин үхрийн махны квотыг хэвээр үлдээсэн юм.

Манай улсын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Дээр нь сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр малын гаралтай өвчин ч нэмэгдсэн.  Мах экспортлодог улс орнууд эрүүл малын мах авъя хэмээн шахаж байна. Махны экспорт, валютын урсгалаа нэмэгдүүлье гэвэл ээмгээ зүүн бүртгэлжүүлж байгаад ч болов малаа эрүүлжүүлэх шаардлага бидэнд зайлшгүй үүсээд байна.

Д.Гэрэл