2023 оны эхний 3 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5703.6 сая ам.доллар болж 2022 оны мөн үеэс 2070.9 сая ам.доллар буюу 57.0 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1824.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
2023 оны эхний 3 сард экспортод 3764.0 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.8 хувиар өссөн байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.доллар буюу 88.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна.
2023 оны эхний 3 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д, ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзлэж байна.
Монгол улс дэлхийн 54 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцар-т 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.