Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох авлигын хэргийг өчигдөр прокурорт шилжүүлсэн. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж буй юм. Түүнтэй хамт Дарханы замын тендерийг хариуцаж байсан Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн байдаг.
Ерөнхий прокурор АТГ-аас хүргүүлсэн материалтай танилцаад гэм буруутай гэж үзвэл түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлэх юм. Тэгвэл тэрбээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах дараагийн нэг гишүүн болно гэсэн үг.
Өмнө нь нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өгсөнийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн. Түүний дараа мөн нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос оруулж ирсэн бөгөөд нэгийг нь чөлөөлж, нөгөө хоёрыг нь авч үлдсэн байдаг.
Тэгвэл одоо Дарханы замын тендерт бусдад давуу байдал олгосон хэмээн УИХ-ын Гишүүн Б.Энх-Амгалангийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д ирж магадгүй бололтой.