Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.05.02) хуралдаан 11 цаг 33 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд оролцсон гишүүдийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Дараа нь “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Уг нь хуулиараа иргэд халдашгүй эрхтэй. Гэтэл гишүүний дархан эрх гээд л яриад байдаг. УИХ иргэнийхээ л халдашгүй байдлыг ярих учиртай. Дараагийн УИХ-ын гишүүд өөрсдөө дархан эрхээсээ татгалзах хэрэгтэй. Дархан эрх биш энэ нь бүр гай болж байна.
УИХ-ын гишүүний дархан эрхэд иргэдийн үг хэлэх эрх чөлөө давхар хамгаалагдаж байгаа. Яагаад гэвэл иргэдийн өмнөөс үгийг нь дамжуулж хэлдэг. Гишүүний биш сонгогчдын эрхийн асуудал юм гэдгийг ярих ёс суртахууны үндэс гарч ирж байна. Харин одоо гишүүний эрхийн тухай ярих нь өөрсдийгөө хамгаалж байгаа мэт ойлгогдоно.
Ер нь бол гишүүд дурын зүйлээ ярьдаг, хариуцлага хүлээдэггүй асуудал дээр бид цэг тавих ёстой. Яагаад иргэд ярьсан зүйлдээ хариуцлага хүлээгээд байхад хариуцлагатай байх албан тушаалтнууд үндэслэлгүй зүйл ярьсан хэрнээ хариуцлага хүлээхгүй байна. Дархан эрхээр хамгаалуулах гээд байгаа юм. Иргэдийн үгээ хэлэх эрх чөлөөг баталгаажуулмаар байна.
Үгээ хэлэх эрх чөлөөтэй оронд төр нь юу ч хийхгүй байсаар ард нь гарна гэж байхгүй. Заавал арга хэмжээ авах ёстой. Дарга нарт үгүй гэж хэлж сурах ёстой. Төрд таалагдахгүй байсан ч ажлаа хийж байх учиртай гэлээ.