Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
10:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан “Үндэсэн хууль” танхимд болно.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард түмэнд тайлбарлан таниулах үүрэг авч, УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрог тойрогтоо ажиллаж буй учир энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдаагүй.
Засгийн газрын өргөн барьсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох буюу сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх зохицуулалтыг тусгасан юм. Ингэснээр парламентын чадамж сайжруулна гэж үзэж буй.
Гишүүд энэ долоо хоногт иргэдийн саналыг нэгтгэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм.