ЯЛЛАГДАГЧ С.БАТДӨЛД “ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” АВАХ ТУХАЙ

ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ

 

ЯЛЛАГДАГЧ С.БАТДӨЛД “ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ” АВАХ ТУХАЙ

               Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,

2023.01.09, №19

               Тоймын дугаар, огноо:№2, 2023.01.09

               Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

           Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 Агуулга: Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.Батдөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татсан.

Улмаар яллагдагч С.Батдөлд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хяналтын прокурор М.Энхбаатар нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэнийг шүүх 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын саналын үндэслэлийг судлаад яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” /нотлох баримтаар тогтоогдсон/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна” гэж заасныг тус тус үндэслэн яллагдагч С.Батдөлд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.

           Жич: Шүүхээс яллагдагч С.Батдөлд “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авсан шийдвэр нь яллагдагчийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш болохыг дурдах нь зүйтэй.

 

Тойм бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо.