ПРОКУРОР Г.ГЭРЭЛТУЯА: НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ТАВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ИРҮҮЛСНИЙГ ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяатай нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцлаа. 

-Нийгэмд томоохон дуулиан тарьсан нүүрсний хэрэг мандаад хагас жилийн хугацааг үдэж байна. Өнөөдөр нүүрсний хэргийн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ?

-2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллагуудад өгсөн. Ажлын хэсэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Яг өнөөдрийн байдлаар бид 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдаж байгаа хэрэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийг яллагдагчаар татаагүй хэргүүд. Харин 17 мөрдөн байцаалтын хэрэг нь ямар нэгэн албан тушаалтан, иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр нь гарсан хэргүүд юм. 

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойшхи хугацаанд Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох  долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан байна.  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр найман хүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд 16 хүнд холбогдох гурван хэрэг тус тус шийдвэрлэгдсэн. 

Одоо анхан шатны шүүх дээр хоёр хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдчихсан хүлээгдэж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Силвер Ресурс “-ын ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүнд холбогдох хахууль авах, өгөх болон мөнгө угаах гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нүүрсний хэргийн хамгийн олон холбогдогчтой буюу гааль, хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон нийт 22 хүнд холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн шүүх хурал хүлээгдэж байна. 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үндсэндээ ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс 7 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.  

-Прокурор дээр хянагдаж байгаа хэргүүд бий юү?

Мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний гэх тодотголтой 5 хэргийг прокурор хянаж байна. Эдгээр хэргүүд нь улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргүүд байгаа.

-Нүүрсний хэргийн шалгалт удааширч байгаа гэх шүүмж олон талд өрнөж байгаа. Хууль хяналтынхан энэ асуудалд хамгийн түрүүнд нэрлэгдэж байгаа л даа. Энэ тухайд та юу хэлэх вэ? 

-Нүүрсний гэх тодотголтой олон хэргүүдэд мөрдөх байгууллагууд ажиллагаа явуулж шалгаж байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, хахууль өгсөн, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн чиглэлээр хэргүүд шалгагдаж байна. 

Тухайн хэргийн цар хүрээнээс шалтгаалаад хийгдэх ажиллагаанууд нь өөр өөр байна. Зарим ажиллагаа ихтэй хэргийн тухайд хугацаа их шаардагдана, тухайлбал эдийн засгийн тооцоолол ихтэй хэргүүдэд санхүүгийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлага үүсдэг, зарим шинжээчийн дүгнэлт 2 сарын дотор гарахад зарим нь 6 сар ч болно, гадаад оронд эрх зүйн туслалцааны хүсэлт илгээж нотлох баримт гаргуулах гэх мэтээр хугацаа ихээр шаардагдана. 

Нийгмийн хүлээлт бол хэргийг удаашралтай шалгаж байна, шүүх рүү явуулахгүй байна гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдаж байна. Гэтэл өнөөдөр АТГ 50 мөрдөгчтэй, эдгээр мөрдөгч нарын гар дээр нүүрсний хэргээс гадна олон тооны хэргүүд хамт шалгагдаж байгаа, мөн нийслэлийн прокурорын газрын хэрэг хянадаг прокурорууд  ч мөн адил олон тооны хэргүүд давхар хянагдаад, шүүх хуралдаа ороод  явж байна. 

Хэрэв бид ганц нүүрсний хэрэг дээр ажиллаад явчихвал бусад хэргүүд зогсчихно. Тиймээс дотроо зохион байгуулалтын арга хэмжээг авч, мөрдөгч, прокурорууд оройн цаг, амралтын өдрүүдээр бүгд ажиллаж байна. 

-АТГ-аас саяхан мэдээлэл өгөхдөө нэлээд хэргийг хаасан гэсэн. Чухам ямар хэргүүд хаагдчихав аа?

-Хэрэг бүртгэлтийн долоон хэргийг хааж, хоёр хэргийг нэгтгэсэн талаар мэдээлэл гарсан. Хэрэг бүртгэлт гэдэг нь  гэмт хэрэг гарсан эсэхийг шалгаж тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгддэг нэг үе шат юм. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол мөрдөх байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт ирүүлнэ, прокурор хэргийн материалыг хянаад үндэслэлтэй бол хаах шийдвэр гаргана. Хаасан гэдэг бол эзэнгүй, хэн нэгэн албан тушаалтан татагдаагүй хэргүүд гэж ойлгож болно. Эдгээр хэрэгт жижиг “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой хэргүүд ч бий, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой ч хэргүүд бий. Нүүрсний хэргүүд 2012 оноос шалгагдаж явсан. Ажлын хэсэг шинээр гарснаар урд өмнө шалгагдаад хаасан хэргүүдийг сэргээсэн. 

-Нүүрсний хэргийн явцад УИХ-ын гурван гишүүнийг эгүүлэн татах санал гарч, хоёр нь та бүхний санал ёсоор буусан. Нэг гишүүн үлдсэн. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдаж чадах уу. Дахиж өөр гишүүдийг эгүүлэн татах уу. Өндөр албан тушаалтай хүмүүс холбогдсон энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндрэл учирч байна уу?

-Дээрх хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үзлэг нэгжлэг зэрэг шаардлагатай ажиллагаануудыг хийсэн. Одоогоор мөрдөх байгууллагаас яллагдагчаар татагдсан Улсын Их Хурлын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Прокурорын байгууллагад ирүүлээгүй байна. 

-Одоо цагдан хориотой хичнээн хүн байна вэ. Цагдан хорионы явцад хүний эрхийн зөрчил гарч байгаа талаар зарим яллагдагчид ярьж байгаа. Та бүхэн шалгалтын явцад хүний эрхийг хангах тал дээр яаж анхаарч байна?

-Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 128 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эдгээрээс 49 хүнийг хойшлуулахгүйгээр буюу 48 цагийн хугацаатайгаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Тэдгээрээс 23-ыг нь яллагдагчаар цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн цагдан хориотой хэвээр байна. 

Мэдээж мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих үндэслэл гарч ирэх юм бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгчид саналаа прокурорт оруулж ирдэг. Прокурор саналтай танилцаад хорих үнлдэслэл байна гэж үзвэл шүүхэд саналаа гаргана. Шүүх талуудыг оролцуулан прокурорын саналыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл прокурорын саналыг хэлэлцэж, хуульд заасан үндэслэл байна гэж үзээд шүүх шийдвэрээ гаргадаг.  

Ямар тохиолдолд цагдан хорих вэ гэдэг үндэслэлийг хуульд тодорхой заасан байдаг бөгөөд авлига, албан тушаалын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны онцлог, хэрэгт хийгдэж буй ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэл байна гэж үзвэл тухайн этгээдийг хорьж шалгаж байна. Мэдээж энэ ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад прокурор хяналт тавьж ажиллаж байна. 

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхугийг суллаад буцаад  хорьсон нь олон нийтийн анхаарлыг татсан. Юу болсон юм бэ?

– Прокуророос цагдан хорих хугацааг сунгах саналаа шүүхэд гаргасан. Шүүх хорих шаардлага байхгүй гэж үзээд сулласан. Шүүгчийн шийдвэрт прокурор гомдол гаргасан, ерөнхий шүүгч гомдлын дагуу хэлэлцээд шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож,  цагдан хорьсон. Хуулийн хүрээнд л явагдсан асуудал.

-Энэ хэрэг дээр зарим яллагдагчид хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтүүд яригдаж байсан. Нэг ёсондоо хэргээ хүлээж байна гэж харж байгаа. Ер нь ингэж хэргээ хүлээж байгаа тохиолдол энэ хэрэг дээр ямар байгаа вэ?

-Гэм буруугаа хүлээх, хүлээхгүй нь тухайн хүний асуудал. Бид тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна бусад нотлох  баримтаар нотлох ажиллагааг заавал хийнэ. 

Хуулинд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломж нь байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нэг нөхцөл болдог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээхгүй байсан яллагдагч хавтаст хэргийн материалтайгаа танилцаад миний үйлдсэн хэрэг нотлогдчихсон байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн ял шийтгэл хүлээх юм байна гэж ойлгож, ухамсарлаад шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөн ял шийтгэл авч байгаа тохиолдлууд байдаг. 

-Ийм тохиолдлууд гарсан байх аа?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамд 2022 оны 12 дугаар сарын 16 -ны өдрийн хуулиар “Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэсэн өөрчлөлт орсон. 

Тэгэхээр энэ зүйл ангиар яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй гэсэн үг. 

Бусад хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд нээлттэй. Гэхдээ хуульд заасан “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн нөхцөл хангагдсан байх ёстой. 

-УБЗТ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хэргийг нүүрсний хэрэг гэж үзээд байгаа. Зөв үү?

-Та сонирхсон учраас товч тодруулъя. С.Батдөлийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, прокурорт шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн. Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэсллэгүйгээр хөрөнгөжсөн, 22.4 буюу хахууль авсан, 18.6 буюу мөнгө угаасан гэсэн зүйл ангиар яллагдагчаар татагдсан байгаа. Энэ хэрэг нь нүүрсний хэрэгт хамаарахгүй тусдаа хэрэг. Энэ бол Улаанбаатар төмөр замын вагоны хуваарилалтын асуудал. Хэргийг шүүхэд шилжүүлж байна.

-Нүүрсний хэргийн хохирлыг 40 их наяд гэж эдийн засагчид тооцоолж түүнийг нь хэвлэлийнхэн бид бичиж байгаа. Нэг ёсондоо онц их хэмжээний хохирлыг албан тушаалтнууд ард түмэндээ, төрдөө учруулсан явдал. Энэ хэргийг шалгах явцад хохирлын дүн тооцоолол яаж гарч байгаа вэ?

Энэ 40 их наяд гэдэг тоо бол мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тоо биш шүү дээ. Хэрэг бүрт шинжээч томилж хохирлын тооцоог гаргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд гараад дуусахаар хохирлын тооцоог нэгтгэн хэлэх боломжтой болно. 

Бидний зүгээс шүүхийн шийдвэр гарахад түүнийг биелэлтийг хангаж, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг л хангалттай хийсэн байх ёстой. Энэ хүрээнд яллагдагчаар татагдсан этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө, орлогыг бодитой тогтоож, битүүмжилж хөрөнгө хамгаалах ажиллагааг хийж байна. Мөрдөх байгууллага боломжтой бүх ажиллагааг хийж байгаа.

-Яахав, хохирол дээр онцлоод байгаа учир нь манайд том хэрэг манддаг. Хохирол ч өндөр яригддаг. Яг хэрэг шалгагдаад шүүхийн шийдвэр гарсны дараа нөгөөх хохирлууд эрс багассан ч юм уу, нийгмийн хүлээлтээс зөрчихдөг л дөө?

– Шүүхийн шийдвэр цахим санд нээлттэй байршсан байдаг. Эндээс тухайн хүн ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдов, хэдий хэмжээний хохирол учруулсан байна, гэмт хэрэг үйлдэж олсон гэх хэдэн төгрөгийг хураах шийдвэр гаргав, битүүмжилсэн ямар хөрөнгийг нь хураав гэх мэтийг уншиж судалж болно. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол төлбөрийг барагдуулах ажлыг ШШГЕГ гүйцэтгэдэг. Бид тэр нөхцөлийг л хангах ёстой. 

-Улсынхаа төсвийг тоносон, ард түмнийхээ боломжийг хулгайлсан ийм том хэрэг мандаж байхад манай хууль хяналтынхан яагаад зогсоогоогүй юм бэ. Хуулийнханд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг нь бий шүү дээ?

-Урьдчилан сэргийлэх ажил бол хуулийн байгууллагын үүрэгт бий. Прокурор, мөрдөгч урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ёстой. Энэ хэргүүдийн тухайд харахад төрийн өмчит компаниудад хяналт тавьж байх ёстой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагууд нь ажлаа сайн хийгээгүйгээс болоод ийм хэргүүд үүсч гарч байна гэж харж байгаа. Санхүүгийн баримтыг үзэж шалгадаг, гэрээ хэлэлцээр нь хууль журмын дагуу явж байна уу гэдгийг хяналт тавьдаг байгууллага төрд байна. Тэд ажлаа зохих ёсоор хийхгүй байгаагааас л ийм хэргүүд гарч ирж байна гэж үзэж байна. 

Бид хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хяналтаа тавиад, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхэд шилжүүлж, гэм бурууг нь шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээдэг. Шүүх гэм бурууг нь  тогтоож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулдаг.