Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хувийн хэвшил, чөлөөт эдийн засгийг дэмжихтэй холбоотой заалт бүү хэл ганц үг ч алга байна гэж шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр “Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад холбогдох яамд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөндөө экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт татна гэсэн чиглэлүүдийг тусгаж байгаа хэдий ч хувийн хэвшлийнхний талаар нэг ч үг алга байна. Чөлөөт зах зээл, хувийн хэвшлээ дэмжиж байж хөрөнгө оруулалт, эдийн засаг, экспорт нэмэгдэж байж хөгжил солонгорч, аялал жуулчлалаас авхуулаад бүх эдийн засаг экспортын чиглэлээр хөгжинө. Тийм учраас хувийн хэвшил гэсэн үг байхгүй дандаа төр төр гэж явсан байгаагаа цаашдаа анхаарах хэрэгтэй. Сэтгэлгээний хувьд ч анхаарах нь зүйтэй. Төсөвт бэлтгэсэн жилийн төлөвлөгөө шиг болчхоод байна. Н.Учрал сайдын яриад байгаа цахим шилжилт, эдийн засгийг солонгоруулах, цахим хөгжлийг экспортын том чиглэл болгоно гэсэн уриа лоозон энэ төлөвлөгөөнд тусгалаа олж, бодит ажил хэрэг болбол туйлын сайн” гэсэн юм.