Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнөөдөр (2023.06.13) болж, Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулсан Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналд шүүхийг тойргийн зарчмаар байгуулахдаа иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой хангах, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгчийг мэргэшүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжтэй болгох үндсэн зарчимд нийцүүлэн боловсруулсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшүүлэхээр тусгасан бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлнэ” гэж тусгасан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн бөгөөд Засгийн газарт өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс