М.Одгэрэл: Олон улсын стандартад нийцсэн эм үйлдвэрлэж, экспортлоод  эхлэхээр бусад эм импортлогчдоос янз бүрийн дайралт ирж байна

Сүүлийн өдрүүдэд Моносыг эмийн бүтээгдэхүүнээ Хятадаас оруулж ирдэг, эмээ хэрэглэгчидэд өндөр үнээр зардаг гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Монос эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлээс тодрууллаа.

-Моносыг эмийн түүхий эдээ Хятадаас авдаг гэсэн мэдээллийг Эмийн холбооноос өглөө. Монгол улсад олон төрлийн эмийн ургамал ургадаг шүү дээ. Монголынхоо эмийн ургамлыг ашигладаг биздээ?

-Мэдээж Монголд ургадаг түүхий эдээ ашиглана. Мөн өөр шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ импортлож оруулж ирдэг. Дэлхийн эм үйлдвэрлэгчдээс Хятадаас түүхий эд авдаггүй газрыг хайвал олдохгүй. Эмийн ихэнх түүхий эд Хятадад үйлдвэрлэгдэж байна. Азийн орнууд эмийн түүхий эдээ Хятадаас импортлож авдаг. Европийн орнууд ч Хятадаас эмийн түүхий эдээ нийлүүлж авцгаадаг.

Манайх Хятадаас эмийн түүхий эдээ оруулж ирэхдээ Америк, Европийн шаардлага хангасыг нь оруулж ирж ашигладаг даа.

-Монос дотооддоо нийт хичнээн төрлийн эм үйлдвэрлэдэг вэ?

-Өнөөдрийн байдлаар 100 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, хэрэглэгчидэд хүргэж байна. Мөн ОХУ-руу зарим нэр төрлийн эмийг экспортлож эхлэсэн.

-Хэдэн төрлийн эм экспортлож байна?

-2014 оноос Нефромон гээд эмийг ОХУ-д экспортлож эхэлсэн. Одоо Витагрипп эмийг экспортлохоор ажиллаж байна. Аль ч улс оронд эмийг экспортлож авахдаа хүнстээ адил шууд авчихдаггүй. Бүртгэлийн шат гэж хоёр, гурван жил явдаг. Өөрөөр хэлбэл бүртгэлийн шатандаа манай эмийг экспортлож авах уу үгүй юу гэдэг судалгаа хийнэ гэсэн үг. Манайхаас ОХУ-д Витагрипп эмийг экспортлох хүсэлтээ өгчихсөн хүсэлтийн дагуу ОХУ-аас мэргэжлийн баг ирж ажиллаж байна.

Тэгэхээр Монос групп олон улсын стандартад нийцсэн эм үйлдэрлээд гадагшаа экспортлоод эхлэхээр бусад эм үйлдвэрлэгч байгууллагуудаас янз бүрийн дайралт ирж байна гэж харж байгаа.

-ОХУ-д экспортлож байгаа Нефромон эмийнхээ талаар уншигчидад тодорхой мэдээлэл өгөөч?

-Ургамлын гаралтай. Бөөрний өвчлөлд ууж хэрэглэдэг эм.

-100 гаруй нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлээд хэрэглэгчидэд хүргэдэг юм байна. Бусдыг нь гаднаас импортлож оруулж ирдэг үү?

-Монголд 5000 гаруй нэр төрлийн бүртгэлтэй эм худалдаалагдаж байна. Манайх импортын эмийн 20-30 хувь, үлдсэн хувийг бусад эм ханган нийлүүлэх байгууллага оруулж ирдэг. Мөн бусад эм ханган нийлүүлэх байгууллагын эмийг ч бас эмийн сангуудаараа зарж борлуулдаг.

-Танайх үнээ хэрхэн тогтоодог юм бол?                    

-Манайд үйлдвэрлэдэг Амоксицилин эмийг 9500 төгрөгөөр зардаг гэсэн байна лээ. Тийм зүйл байхгүй. Манай эмийн үйлдвэрээс амоксицилин 1080 төгрөгөөр гардаг. Тэр нь бусад жижиглэнгийн эмийн сангуудад очихдоо 1600-1800 төгрөгөөр зарагддаг юм билээ. Харин гаднаас манай компани импортлож оруулж ирсэн бол 20-30 хувийг нэмж борлуулдаг.

Бусад бөөний төвүүд гаднаас оруулж ирсэн эмээ манайд хэдэн төгрөгөөр нийлүүлнэ түүн дээр нь мөн адил хэмжээний хувь нэмж борлуулдаг.

баярлалаа