Хүний амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг шагналаа

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ. Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж, нурсан байна.

Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.

Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.

Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР