Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос мордлоо
Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно.