П.Сайнзориг: Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдын допингийн шинжилгээний хариуг Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс мэдээлж байна.


ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: 

-32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Энэ бөхөд бид мэдэгдэнэ.

Тухайн бөх өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана.

Хариуг цувруулж ирүүлдэг, ирсэн хариуг мэдээлдэггүй гэх хардалт явдаг. Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долдугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-ны өдөр 31 бөхийн хариу ирсэн. Тодорхой хугацаа шаардагддаг нь зарим нэгэн эргэлзээтэй хариуг дахин нягталдаг гэж ойлгож байгаа. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж буйг хэлье.

Шөвгөрсөн нэг бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Энэ бол олон улсын “WADA”-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн. Энэ хариугаа бид тухайн бөхөд танилцуулна. Хэрэв Б сорьцын шинжилгээнд орно гэвэл дараагийн шинжилгээний зардлыг тухайн тамирчин өөрөө даах ёстой.