Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-тай хамтран “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд шинэ төгссөн эх баригч мэргэжилтний сургалтын удирдамжийн төслийг боловсруулах анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Монголын эх баригчдын нийгэмлэг, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг болон Жайка Олон улсын байгууллагын төслийн нэгжийн зөвлөх мэргэжилтнүүд оролцлоо.
Уг төслийг 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, ур чадварыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж, амжилттай хэрэгжүүлсэн юм.
Мөн төслийн хоёрдугаар үе шат болох эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах чиглэлээр Эх барихуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг 3 удаа зохион байгуулж, сургагч багшаар 48 эх баригч, чиглүүлэгч багшаар 10 эх баригчийг сургаж бэлдээд байна. Түүнчлэн сургалтын үр дүн, чанар чансааг тодорхойлох “Эх баригч” мэргэжилтний цогц чадамжийг боловсруулан гаргасан.
Цаашид Эх баригч мэргэжилтний эрх зүйн баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шинэ төгссөн эх баригчийг ажлын байран дээр сургах тогтолцоог бий болгох мэргэжлийн үйл ажиллагааны ажлууд хийгдэж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв