УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг Сангийн сайд Б.Жавхлан болон тус яамны удирдлагуудад хүлээн өгч, танилцуулсан юм. УИХ-аас хуулийн хэрэгжилтийг хангах, нэг мөр ойлголт өгөх, хуулийн ач холбогдлыг тодотгох зорилгоор зарим хуулиудыг хүлээлгэн өгөх жишгийг тогтоож байна.
Г.Занданшатар: Төсвийг үр ашиггүй зарцуулсан албан тушаалтанд тооцох хариуцлагыг чангатгасан
Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төсвийн ил тод, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгасанаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн.
Г.Тэмүүлэн: Сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна
Төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна. Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байх юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор багтаж хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна.
Б.Жавхлан: Сангийн яам төсвийн төслийг боловсруулахдаа ил тод, нээлттэй байх бодлогыг хэрэгжүүлнэ
Төсвийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яамтайгаа хамтран ажиллаж, үе шаттай хэрэгжүүлж ажиллана. Хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ. Сангийн яам төсвийн төслийг боловсруулахдаа ил тод нээлттэй байх бодлогыг чандлан сахьж ажиллана.
2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэж батлаад байгаа. Улмаар төсвийн төлөвлөлтийн цаглавар нэгэнт эхэлсэнтэй холбоотойгоор төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх батлах болон төсвийн цаглаврыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Харин дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглох тухай зарчмыг нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.