Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ.
“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав. Зарын дагуу Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлжээ.
Болдбаатарын Гүнбилэг
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн магистр, АНУ-ын Сэйнт Томасын Их сургуулийн Хуулийн сургуульд Хууль зүйн магистрын зэрэг, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
- Хууль зүйн үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд гэрээт багш, багш, Улсын Их Хурлын даргын шадар туслах, хуулийн бодлогын зөвлөх, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, ХБНГУ-ын Макс Планкийн Институт, Японы Кюүшүгийн их сургууль, Австралийн Мельбурнын их сургуулийн Азийн эрх зүйн төвд зочин судлаач, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арбитрын арбитрч.
Одонхүүгийн Мөнхсайхан
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- Япон улсын Нагояа Их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр эрх зүйн онол, түүхийн тэнхимийн туслах ажилтан, Эрх зүй судлалын тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд дэд профессор, профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнд захирал, Япон улсын Нагояа Их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач, АНУ-ын Вашингтоны Их сургуульд зочин судлаач, Жорж Вашингтон Их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач, хууль зүйн баримт бичгийн анализ хийгч, орчуулагч.