Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг дэмжих цахим хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” цахим хурлыг зохион байгууллаа.

НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсыг дэмжих VII хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тусгасан төлөвлөгөөний дагуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 536 дугаар захирамжийн хүрээнд жирэмсэн болон төрсөн эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой цахим хэлэлцүүлгийг Байнгын хорооны дарга П.Анужин удирдаж, ЭМЯ, ХНХЯ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төлөөлөл болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцов.
Хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн жирэмсэн болон төрсөн 150 орчим ээжийг хамруулж, тэдний санал, хүсэлтийг сонсон тулгамдсан асуудал, хооллолтын байдал, хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал болон шим тэжээлтэй хүнсний хэрэглээ, нэмэлт амин дэм, эрдэс бодис, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээний талаарх ерөнхий мэдээллийг цуглуулж, цаашлаад эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр тодорхой асуудлуудыг УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнд тусгах нь зөв гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Эрүүл мэндийн яамнаас “Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого”, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Жирэмсэн ба хөхүүл эхийн хоололт” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхмийн багш доктор, профессор Д.Мөнхцэцэг “Иргэдийн эрүүл мэндийн асуудал нь хувь хүнээс ихээхэн шалтгаалдаг тул иргэд, ээжүүд зөвхөн улсаас үнэгүй өгдөг нэмэлт аминдэмд ач холбогдол өгөхөөс илүүтэйгээр сүү цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлж, зөв зохистой хооллох улмаар жирэмсэн үеийн таргалалтын асуудал дээр анхаарах нь зүйтэй юм. Учир нь таргалалтаас шалтгаалаад төрөхийн хүндрэл эмгэгүүд тохиолдох эрсдэл ихтэй” гэдгийг онцлон хэллээ.

Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд жирэмсэн болон хөхүүл эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хоол тэжээлийн бодлого, үйл ажиллагааг сайжруулах анхаарч ажиллаж буй талаар товч мэдээлэл хийсэн.

Хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн судалгаагаар манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд Д амин дэмийн дутагдал 75,4 хувь, төмрийн дутал 29,4, цус багадалт 21,4 хувьтай байна. Иймд жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх эрүүл хоол хүнс, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь бичил тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд нэн чухал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хөндөж байлаа.

https://moh.gov.mn/uploads/userfiles/images/DSC_3102.JPG

Манай улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийг дэмжих бодлогын хүрээнд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн зардлыг 2019 оноос эхлэн орон нутгийн төсөвт тусгаж 2020 оноос 06-23 сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр тогтвортой хангах боломжийг бүрдүүлж эхэлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн түгээлт хангалтай байж чадахгүй байгаа тул түгээлтийг нэмэгдүүлж, эх, хүүхдийн хоол тэжээлийг дэмжих бодлогыг сайжруулах шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнгээс эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээнд тусган хэрэгжүүлэх юм.