Хилчид төөрсөн иргэнийг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн 70 настай иргэн Д аравдугаар сарын 11-ний өглөө 08.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ талаар хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Ж.Занданбал Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн шуурхай жижүүрт 17.20 цагт мэдэгдсэн байна.

Мэдээлэл авсан даруй тус ангиас гурван бүлэг 24 цагийн турш эрэн хайх ажиллагаа өрнүүлснээр аравдугаар сарын 12-ны 09:55 цагт дэд ахлагч Б.Сүхбат ахлагчтай, дэд түрүүч Э.Галбаатар нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хилээс нэг км зайд иргэн Д-г олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.