Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын дундах спортын олон төрөлт тэмцээн энэ сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний волейболын төрөлд Зам, тээврийн хөгжлийн яамны эрэгтэй баг алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртжээ.
Харин Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Дөлгөөн “Шилдэг эрэгтэй тоглогч” шагналыг хүртсэн байна. Волейболын спортын эрэгтэй төрлийн мөнгөн медалийг Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ, хүрэл медалийг “Улаанбаатар төмөр зам” ХНН авчээ.
Волейболын эмэгтэй төрөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн баг алт, мөнгөн медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ тус тус хүртсэн байна. ”Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УБТЗ ХНН-ийн нягтлан бодогч, эдийн засагч Ч.Энхтуул шалгарчээ.
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд МИАТ ТӨХК-ийн баг алтан медаль, Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ мөнгөн медаль, “Улаанбаатар төмөр зам” ХНН хүрэл медаль авчээ. Эмэгтэй төрөлд МИАТ ТӨХК-ийн баг алт, мөнгөн медалийг УБТЗ ХНН-ийн баг, хүрэл медалийг Далайн захиргаа, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ-ын хамтарсан баг хүртсэн байна.
Сагсан бөмбөгийн эрэгтэй “Шилдэг тоглогч”-оор Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын дотоод аудитын мэргэжилтэн Г.Баатарсүрэн, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УБТЗ ХНН-ийн мэргэжилтэн Б.Уранцацрал нар шалгарчээ.
Шатрын спортын эрэгтэйчүүдийн алтан медалийг Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн БХМХ-ийн дарга Б.Оргил, мөнгөн медалийг АТҮТ ТӨҮГ-ын Зорчигч тээврийн мэдээлэл, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн ахлах инженер М.Даваа нар хүртжээ.
Шатрын спортын төрөлд эмэгтэйчүүдийн алтан медалийг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, мөнгөн медалийг МИАТ ТӨХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Шүрэн-Эрдэнэ, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ё.Бямбажаргал нар авсан байна.
Ширээний теннис эрэгтэй төрөлд алтан медалийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын мэргэжилтэн Болд, мөнгөн медалийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Э.Цолмон, хүрэл медалийг Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын мэргэжилтэн Б.Мөнхбаяр хүртжээ. Эмэгтэй төрөлд алт, мөнгөн медалийг УБТЗ ХНН, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн Үйлчилгээний чанар, стандартын хэлтсийн мэргэжилтэн О.Оргилмаа нар хүртсэн байна.
Ширээний теннисийн хосын төрөлд алтан медалийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, мөнгөн медалийг Тавантолгой төмөр зам ХХК, хүрэл медалийг МИАТ ТӨХК-ийн баг хүртжээ. Дартсын төрөлд эрэгтэй алтан медалийг Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ, мөнгөн медалийг МИАТ ТӨХК, хүрэл медалийг Тавантолгой төмөр зам ХХК авчээ. Эмэгтэй төрөлд алтан медалийг УБТЗ ХНН, мөнгөн медалийг Тавантолгой төмөр зам ХХК, хүрэл медалийг МИАТ ТӨХК тус тус хүртсэн байна.
Багийн нийлбэр дүнгээр МИАТ ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, цомын эзэн болжээ. Тус тэмцээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ, Далайн захиргаа, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК зэрэг байгууллагын 400 гаруй тамирчин спортын таван төрлөөр өрсөлдсөн байна.