Прокурорын байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
– Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 18га талбайн ойн цэвэрлэгээний ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй зөрчил гаргасан “Т” ХХК-д Ойн тухай хууль тогтоомжийг зөрчихгүйгээр, нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар,
– Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг судалж, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөөгүй, нийтийн эзэмшлийн зам талбайн камеруудын ажиллагааг бүрэн хангаж ажиллаагүй тус дүүргийн 8 дугаар хороонд холбогдох зөрчлүүдийг арилгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.