ЭМЯ-НААС ТОМИЛСОН ЗӨВЛӨН ТУСЛАХ МЭРГЭЖЛИЙН БАГ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн.
Ингэснээр өнөөдрийн байдлаар дүүргийн эмнэлгүүдэд 615, ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт тодорхой тооны орыг нэмснээр нийтдээ 1190 орыг шинээр дэлгээд байгаа юм.
Мөн томуу, томуу төст өвчний эрэмбэлэн ангилалт, оношлогоо эмчилгээ, халдварын сэргийлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх мэргэжлийн багийг томилон Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллууллаа.
Уг багт ЭМЯ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд, зөвлөх эмч нар, тархвар судлаачид багтсан.
Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт, ням гаригт Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам