Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидэд метро байгуулах төслийн талаар мэдээлэл хийлээ. Метроны төсөл нь урьдчилсан ТЭЗҮ-гээр 1.3 тэрбум орчим ам.долларын төсөвт өртөгтэй аж.
Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, метро байгуулах төслийн санхүүжилтийг ирэх 7 хоногт ИТХ-ын хуралдаанаар оруулж хэлэлцүүлж, батлуулах бэлтгэл ажлыг хийх аж.
Засгийн газрын тогтоолоор нийслэл төвлөрүүлэх орлогоороо цаашид метроны төслөө санхүүжүүлэх боломжтой хэмээн шийдвэрлэжээ. Улаанбаатар хот жилд дунджаар 100-200 сая ам.долларын татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна. Цаашид дээрх орлогоороо метроны төслөө санхүүжүүлэх боломжтой болох юм байна.
2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага метро барих ТЭЗҮ-г хийж өгчээ.
Энэ ТЭЗҮ-гээр Улаанбаатар хотод 18.3 км орчим урт байхаар төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн төв хэсэгт 6.6 км-ыг газар доогуур явахаар, үлдсэн хэсгүүд дээр баганан суурьтай буюу тулгуурт гүүрэн байгууламж барих байдлаар төлөвлөжээ.
Энэ сард багтаан төслийн менежментийг авч явах зөвлөх үйлчилгээний болон зэрэгцээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг зарлана. Ингээд шалгарсан компани, байгууллагуудтай хэлэлцээр байгуулаад явна. Энэ төслийг хэдэн жилийн хугацаанд, ямар өртөгөөр барьж байгуулахыг нээлттэй тендерүүдийн санал дээр үндэслэн эцэслэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэллээ.
Мөн нийслэл жилд 300 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн нийтийн тээврийн татааст олгодог байна. Цаашид ийм хэлбэрээр олгож буй санхүүжилтийг үр ашигтай хөрөнгө оруулалт болгох чиглэлээр тооцоо судалгаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.