Улаан номонд орсон ирвэсийн арьсыг хадгалж, худалдан борлуулахыг завджээ

Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн И, Д нар нь хууль бус ангийн түүхий эдийг бусдад худалдаалах зорилгоор хадгалан тээвэрлэж, бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Олон улсын болон Монгол орны нэн ховор амьтдын жагсаалт, улаан номонд орсон Цоохор ирвэсийн 2.2 метр урттай 1 ширхэг арьс, ховор амьтдын жагсаалтад орсон Ойн булганы 7 ширхэг арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цоохор ирвэс нь дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол Улсад 1000 орчим тоологдож Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан юм.

 

 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн хуулийн 2-д “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

 

Иргэн та хүрээлэн байгаа орчны талаарх гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, экологийн цагдаагийн албаны 7019-1070 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.