Төв цэвэрлэх байгууламж руу их хэмжээний химийн бодистой хаягдал ус нийлүүлж байсан газруудыг шалгуулна

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгаж, холбогдох арга хэмжээг авлаа.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг нэр бүхий 6 компанийн үйл ажиллагаатай танилцаж, Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир уснаас нь дээж авч лабораториор шинжлүүлсэн байна.

Шинжилгээний дүнгээр 3 компанийн хаягдал бохир ус байгаль орчинд хохирол учруулах эрсдэлтэй, МNS ISO 6060:2001,  МNS 5597:2006, МNS ISO 10523:2001, МNS ISO 11923:2001 стандартад зааснаас хэд дахин их химийн бодисын агууламжтай болох нь тогтоогджээ.

Тиймээс тухайн асуудлыг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж,  компанийн удирдлагуудад Усны тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулинд 6.2 дугаар зүйлд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль зөрчих, Бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.