Хэнтий аймгийн нийт нутгаар цасны зузаан 5-16 см, гуу жалга хэсгээр 20-40 см хунгарлаж, өвөлжилт хүндэрсэн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байгаа юм. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байна.
Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч, Цэнхэрмандал сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж, УОК-оос олгохоор боллоо.
Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонссон юм.
Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байлаа.